logo-logo-
logo-
logo-logo-

МУЗЕЙ

Дотоод хэргийн их сургуулийн музей нь бие бүрэлдэхүүний танин мэдэхүй, оюуны хэрэгцээг хангах, үе үеийн…

МУЗЕЙ

МУЗЕЙ

Дотоод хэргийн их сургуулийн музей нь бие бүрэлдэхүүний танин мэдэхүй, оюуны хэрэгцээг хангах, үе үеийн төгсөгчдийн алдар гавьяа, түүхэн замналаар бахархах, тэднээс суралцах боломжийг олгох, Их сургуулийн түүх, соёл, биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, баяжуулах, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий түүх, соёлын төв юм. Их сургуулийн музей нь 1980-аад онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн үед “Алдрын танхим” нэртэйгээр байгуулагдаж байсан. Үүнээс хойш их сургуулийн үе үеийн төгсөгчдийн алдар гавьяагаар бахархах, дайчин замналаас нь суралцах, залуу үед үлгэр дууриалал болгох зорилгын үүднээс сургуулийн музей байгуулах ажлыг Цагдаагийн дээд сургуулийн захирал, цагдаагийн хурандаа М.Батаев анх санаачлан зохион байгуулсан байдаг. Тухайн үед сургуулийн Соёлын төвийн барилгад музейн анхны танхимыг тохижуулан сургуулийн түүх, ажил амьдралтай холбоотой үзмэр, эд өлгийн зүйлсийг цуглуулан байршуулж, Цагдаагийн дээд сургуулийн 65 жилийн ойг тохиолдуулан музейн нээлтийг хийж, үзмэрүүдийг олон нийтэд анх дэлгэн үзүүлсэн түүхтэй. Музейн үзмэрийг цуглуулах ажлыг сургуулийн Ахмадын хорооны дарга, музейн анхны эрхлэгч, бэлтгэл хурандаа Д.Дашдэмбэрэл гардан гүйцэтгэсэн бөгөөд тэрээр Дотоодын ба хязгаарын цэргийн нэгдсэн сургуулийн онц төгсөгч, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан амьд нэвтэрхий толь, сургуулийн түүхийг анх бичиж бидэнд үлдээсэн гавьяатай буурал юм. Хууль зүйн доктор Д.Дашдэмбэрэл олон жил тус музейн эрхлэгчээр ажилласан бөгөөд энэ хүний хичээл зүтгэлээр манай музейн сан хөмрөгийн хамгийн үнэтэй, ховор нандин үзмэрүүд бий болсон. Их сургуулийн музейн сан хөмрөгт нийт 34 төрлийн 1500 гаруй үзмэр, цуглуулга бий. Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хичээлийн байр ашиглалтад орсонтой холбоотойгоор 2014, 2016 онуудад музейг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Мөн 2020 оны 9 дүгээр сард Их сургуулийн “Спорт цогцолбор-Төв номын сан”-гийн байр ашиглалтанд орж, уг байгууламжийн 400 м2 талбай бүхий, музейн зориулалтын байршил, орон зайд шинээр тохижуулан үйл ажиллагаа явуулж байна.