Иншөөбү овогт Бибишийн Одбаатар. 1971 оны 09 сарын 17-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа. -1979-1989 он. Дорнод аймгийн Н.Ф.Гастеллогийн нэрэмжит 10 жилийн I сургууль төгссөн. -1989-1993 он. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль, Цагдаагийн дээд сургуульд сонсогч. -1993-2000 он. Дорнод аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн дарга. -2000-2001 он. Улсын Мөрдөн байцаах газрын Баянзүрх дүүрэг дэх Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагч. -2001-2006 он. Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч. -2006-2008 он. Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Удирдлагын академид суралцаж төгссөн. -2008-2011 он. Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Удирдлагын академийн доктарантурт суралцаж “хууль зүйн доктор (Ph.D)”-ын зэрэг хамгаалсан. -2011-2012 он. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал. -2013 оноос одоог хүртэл Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Цагдаагийн удирдлага, стратегийн тэнхимийн профессор. Би арван жилийн дунд сургуульд суралцаж байхдаа л тэр үеийн нэршлээр НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд элсэн суралцах хүсэл эрмэлзлэл дүүрэн хичээл сурлагадаа шамдан суралцдаг хүүхэд байлаа. Учир нь энэ сургуулийн элсэлтийн шалгалтын шаардлага өндөр төдийгүй, бие бялдар, эрүүл мэнд, гэр бүлийн хүмүүжил гээд бүхий л талаар нарийн судлаж, элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бүр 7-8 дугаар ангиас нь судалдаг байв. Тэр үед надаас гадна 5-6 хүүхэд хамт судлагдаж байлаа. Ингээд 1989 онд 10 жилийн сургуулиа төгсөхөд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн нэг л хуваарь Дорнод аймгийн хэмжээнд ирсэн байв. Элсэгчдийн дунд өрсөлдөөн ширүүхэн болж би оноогоороо бусдаас шалгарч хүссэн сургуульдаа орлоо. Аав, ээж маань ч бөөн баяр. Таван хүүхэдтэй айлын том хүү байсан болохоор надад шалгалтдаа тэнцэх, хүссэн сургуульдаа орох, дүү нартаа үлгэр дууриал болох гээд хэрэндээ л том хариуцлага байсан санагдаж байна. 1989 оны 7 сард Улсын баяр наадмын дараа аавыгаа даган Улаанбаатар хотод ирлээ. Багадаа л хотод ирж байсан болохоор хотыг сайн мэдэхгүй тул ааваараа газарчлуулан НАХЯ-ны Шалган нэвтрүүлэх хаалгаар анх орж, эмнэлгийн үзлэг шалгалтад орох, хувцасны хангалт авах гэж 4-5 хоног болов. Улмаар НАХЯ-ны сайдын 1989 оны 07 сарын 29-ний өдрийн тушаалаар сонсогч болж Баянчандмань дахь Хээрийн сургалт, дадлагын төв (крантин)-д цэргийн хэргийн анхан шатны мэдлэг эзэмшихээр гарлаа. Тэнд очоод хэсэг хугацаа өнгөрсний дараа “Би ер нь ямар сургуульд орчихвоо. Манай ангийн өөр их сургуульд элссэн хүүхдүүд хотод ч ирээгүй, Дорноддоо гэртээ сайхан амарч байгаа шүү дээ” гэж хүртэл бодох болсоноо нуух юун. Ингээд 4 жил амжилттай суралцан сурлагын онц дүнтэй, “ахлах дэслэгч” цолтой 1993 онд төгсөн төрсөн нутаг Дорнод аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхэлсэн. Сургуулийн маань эрдэмтэн, багш нар маань гэмт хэрэг илрүүлэх, нотлох, мөрдөн шалгах чиглэлээр эрдэм номыг сайн сургаж заасан байсан тул надад мэдлэг, чадвар дутах, ажилдаа гологдох зэрэг янз бүрийн хүндрэл бэрхшээл байсангүй. Улмаар Дорнод аймгийн Цагдаагийн газар, Улсын мөрдөх байцаах газарт ажиллаж байгаад 2006 онд ОХУ-ын ДХЯ-ны Удирдлагын академид суралцахаар явж 2008 онд тус академийг “Цагдаагийн стратеги удирдлага” мэргэжлээр төгсөн үргэлжлүүлэн доктаратурт суралцан 2012 онд “хууль зүйн доктор”-ын зэрэг хамгаалсан. Зургаан жил хэртэй суралцаад докторын зэргээ амжилттай хамгаалаад ирсэн тухайгаа ЦЕГ-ын удирдлагад илтгэхэд намайг Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирлаар томилох шийдвэр гарав. Ингээд 19 жилийн дараа төрөлх сургуульдаа ирлээ. Дотоод хэргийн их сургууль өргөжин байгуулагдаад удаагүй байсан болохоор удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр болон сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх гээд нэлээд их ажил өрнөж байсан үе байлаа. Удалгүй Их сургуулийн бүтцэд төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах ажилтныг бэлтгэх, давтан сургах чиглэлээр Удирдлагын академийг байгуулан сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулах, сургалтыг эхлүүлэх шаардлага бий болов. Миний бие 2013 он дөнгөж гарангуут Удирдлагын академийн Цагдаагийн удирдлага, стратегийн профессорын багийн (одоогийн Цагдаагийн удирдлага, стратегийн тэнхим) профессороор томилогдов. Шинээр байгуулагдсан академи тул сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр, иж бүрдэл гээд бүх л зүйлийг анхлан боловсруулах үүрэг хариуцлага ногдон бид бүхэн хичээн ажилласны хүчинд академи маань одоо цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын удирдах ажилтныг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан 10 жилийн түүхэн замналыг бий болгоод байна. Монгол Улсын ууган их сургуулиудын нэг болох Дотоод хэргийн их сургуулийн маань түүхэн 90 жилийн ой тохиож байгаа энэ баярт мөчид энэхүү гайхамшигтай их сургуулиар овоглож яваа үе үеийн багш, ажилтан, төгсөгч, суралцагч Та бүхэндээ баярыг мэндийг дэвшүүлье. Миний бие энэ их сургуулийн түүхэн цаг хугацааны нэгэн үед сонсогчоор элсэж залуу насныхаа хамгийн дурсамжтай он жилүүдийг үе тэнгийн нөхөдтэйгээ эрдэм номд шамдан суралцаж өнгөрүүлсэн, одоо Их сургуульдаа эргэж ажиллаж олон сайхан эрдэмтэн багш, суралцагч нартайгаа хамтран ажиллаж яваа хувь заяагаараа үргэлж бахархаж явдаг. Хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Одбаатар