Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл худлыг илчилж, үнэнийг тогтоохыг байнга эрэлхийлж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад, худал болон үнэнийг тогтоох арга, аргачлал боловсронгуй болсоор өнөөдөр энэ чиглэлд шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг түлхүү ашиглах болсон. Профайлинг («англ. profile» — профиль) —гэдэг нь хүний биеэ авч явж байгаа байдал, гадаад үзэмж, онцлог шинжүүдийг харгалзан хүний сэтгэл зүйн болон хандлагын тухайн үеийн онцлогийг тодорхойлох арга юм. Профайлинг буюу сэтгэл зүйн хөрөг гаргах аргачлал гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэг, практик хэрэглээний цогц. Профайлинг-товчдоо “хүнийг унших арга” гэж ойлгож болох бөгөөд богино хугацаанд тухай хүний зан чанар, хувийн онцлог, хэрэгцээ, шаардлага, үзэл бодол, биеэ авч яваа байдлаас хүний дотоод мэдээллийг уншин тодорхойлох боломжийг олгодог. Профайлинг нь анх гэмт хэргийн халуун мөрөөр үл танигдах гэмт этгээдийн “Сэтгэл зүйн хөрөг”-ийг тодорхойлоход ашиглагдаж байсан. Гэмт этгээдийн сэтгэл зүйн хөргийг гаргах ажлыг анх 1888 онд английн мэс засалч Томас Бонд зууны гэмт хэрэгтэн Джек Потрошителийг тодорхойлох оролдлогоор эхэлсэн гэж үздэг. Орчин үед хүний ой санамжид хадгалагдсан “нуугдмал мэдээлэл”-ийг илрүүлэхэд профайлингийн аргыг өндөр ач холбогдолтойд тооцдог. Энэ аргын үндсэн зорилго нь хүний ой санамжид хадгалагдаж буй нуугдмал мэдээллийг ил болгоход оршино. Эрдэмтэд профайлингийн аргыг нийгмийн бүхий л салбарт нэвтрүүлж, ашиглах боломжтой гэж үздэг. Олон улсын туршлагаас үзэхэд, профайлингийн үр дүнг, гол төлөв, нууц далд үйлдэлтэй гэмт хэрэг илрүүлэх, ээдрээ төвөгтэй хэрэг, зөрчил, маргааныг шийдвэрлэх, нотлох ажиллагаанд ашигладаг практик нийтлэг байна. Мөн хүний нөөцийн болон албаны шалгалтын үнэн байдлыг нотлоход болон бизнес арилжааны салбарт хэрэглэгчийг судлах, бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн сурталчилах, аливаа гэрээ, хэлэлцээр байгуулахдаа харилцагчаа, өрсөлдөгчөө судлахад өргөн ашиглаж байна. Профайлингийн хамгийн их маргаан дагуулж буй асуудал бол угсаатны профайлинг бөгөөд аль нэг угсаатны бүлгийн хүмүүс болон хууль бүс үйлдэлийн шууд хамаарал, холбооны асуудал болоод байгаа юм. Орчин үед Профайлингийг (гэмт хэрэгтний хэв шинж судлал), гэмт хэрэгтний зан үйл судлал (криминологи), сэтгэцийн эрүүл мэнд болон өвчин судлал (психологи, психиатр), гэмт хэргийн баримт нотолгоо судлал (шинжлэн магадлахуй), ял эдлүүлэх ажиллагаасудлал (пенитианцар) зэрэг ухаанд түлхүү хэрэглэж ирсэн байгаа ч хилийн шалган нэвтрүүлэх болон гааль, цагаачлалын албаны үйл ажиллагаанд өргөн хэрэгжүүлж эхлээд байна. Улсын хил төдийгүй засаг захиргааны хил хүмүүсийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг бөгөөд тухайлбал, адилхан 200 милийн зайд хилийн гадна ба дотор үүссэн гамшгаас хилийн дотор үүссэн гамшгийг ихээхэн соргог, эмзэг хүлээн авдаг. (Журнал. Psychological Scince). Бид ч гэсэн улсын хил, шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ улсын хилээрээ бахархах, хүндэтгэх мэдрэмжийн зэрэгцээ айх, түгших, болгоомжлох, сандрах зэрэг сөрөг мэдрэмж ч төрдгийг мэдэх билээ. Улсын хилийн хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийг тусгайлан судлах шаардлага гарч ирж байгаа юм. Тухайлбал, Хотгойдын Ван Чингүнжав 1757 онд манжуудын мөрдлөгөөс зугтаан гэр бүл, үр хүүхэд, дагуул албатуудынхаа хамт Хаант Орос-Манж Чин улсын хилэээс 500 м зайд өнөө Ван толгой хэмээн нэрлэгдэх болсон толгойд Оросын талаас хил давах зөвшөөрлийн хариу хүлээж байхдаа баригдсан байдаг. 1981 онд гэмт хэрэгтэн Шаазанхүү Хар хоринд хоригдож байхдаа оргон Алтай болон Овоотын отрядын хариуцсан хэсгийн заагт улсын хилээс 5 км зайд баривчлагдсан байдаг. Баригдахдаа хил давах боломж, хугацаа байсан ч нэг л түвдсэнгүй хэмээсэн байдаг. Энэ хоёр үйл явдал хоорондоо 200 гаруй жилийн зайтай, хоёр өөр нийгмийн үед болсон, нэг нь баатар жанжин, нөгөө нь оргодол хоригдол ч гэсэн улсын хил гэдэг ариун нандин зүйлээ зөрчиж чадаагүй л байдаг. Нислэгийн өмнөх бүртгэл болон нисэх онгоцонд суух үед зорчигчдод хяналт, ажиглалт хийх замаар болзошгүй гэмт этгээдийг, ялангуяа алан хядагчдийг илрүүлэхэд профайлингийг өргөн ашиглаж байгаа бөгөөд үүнийг хамгийн түрүүнд Израйлийн Эль-Аль (El Al) нислэгийн компани нэвтрүүлсэн ба үүнийхээ үр дүнд дэлхийн хамгийн аюулгүй нислэг үйлддэг нисэх компани болсон. Эль-Аль (El Al) нислэгийн компанийн анх нэвтрүүлсэн профайлингийг дэлхийн олон улсын нислэгийн компаниуд нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрч байна. Мэргэжлийн шалгагч атугай энгийн хүмүүст ч хууль бус үйлдэл гаргах сэдэлтэй хүмүүсийн биеэ авч яваа байдал, ердийн зорчигчдоос эрс ялгардаг онцлогтой. Монгол мэндчилгээ бол одоо нээлт юм шиг нэрлэгдээд байгаа ”тандах, чиглүүлэх ярилцлага” буюу жинхэнэ монгол профайлинг юм. Амьдрал дээр байдаг энгийн жишээ боловч ихийг өгүүлдэг монголын онцлогтой профайлинг бол анги, салбарт ч, сум, багт ч нэгэндээ гадна хэлбэр байдлаар нь төдийгүй дотоод ертөнц, хүмүүжил, төлөвшил, үйлдэл, үзэл бодлын хандлагыг нь оновчтой илэрхийлсэн “хоч” өгсөн байдаг. Тухайлбал, Хулхи Дорж, хутга Батаа, хутгуур Должин, жараахай Цамба, омуль Бат гэх мэт үргэлжлэх агаад тэднийг танихгүй ч хочоор нь л хэн бэ? гэдгийг ойлгох “төсөөлөл” төрдөг ба нутгийн зарим өвгөд “Хулхи Доржийнд зэргэлдээ сумын сүгсэлзүүр Сүрэн ирсэн байх чинь, энэ хоёр юу л сэдэж байгаа бол” хэмээн хийх үйлдэл, хэрэгжүүлэх сэдлийг нь “уншиж” байдаг ба бараг тэр хэлснээр нь л асуудал үүсгэсэн байдаг шүү дээ. Шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрч буй тухайн сэдэлтэй этгээдийн сэтгэл зүйн онцлог, биеэ авч явж буй гадна байдал, шалгагчтай харьцах үед гаргаж буй биеийн хэлэмж, нүүр царайны хувирал, сэтгэл зүйн хандлагаас үүдэлтэй. Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын хилийн шалган нэвтрүүлэх албаны албан хаагчид, хилээр, шалганаар нэвтрэх үед хууль зөрчих сэдэл бүхий этгээдэд илэрдэг нүүр царайны хувирал, сэтгэл зүйн хандлага ба биеийн хэлэмжийн онцлогийн талаар тодорхой ойлголтгүй, тусгайлсан сургалтанд хамрагдаагүй бөгөөд тусгай хөтөлбөр байхгүй. Гэвч эдгээр хүмүүсийн бусдаас ялгагдах онцлогийг олон жил ажиллаж, алба хаасан туршлага болон мэргэжлийн зөн совингоороо ихэвчлэн тааварладаг. Өнөөдөр Профайлинг технологийн тодорхой мэдлэгтэй, практикт, албаны үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг зохих түвшинд эзэмшсэн шалгагч л гэмт хэргийн сэдэл бүхий этгээдийг түүний харьцаа, хандлага, дохионы хэл, биеийн хэлэмж, нүүр царайны хувирал, сэтгэл зүйн илэрхийллийн онцлогоор, шинжээр нь “гадарлах төдийгүй доторлож уншин”, тодорхой тохирсон шийдвэр гарган ажиллах боломжтой юм. Ийм чадвар эзэмшсэн хүнийг “Профайлер” гэж нэрлэдэг. АНУ-ын Флорида мужийн их сургуулийн профайлер-судлаачдын террорист халдлага үйлдэгчдийн хүн ам ба сэтгэл зүйн онцлогийн талаарх судалгааны ажлын “Сэтгэл зүйн хөрөг” анхаарал татаж байна. Үүнд: 1. “....Нас-террорист этгээдүүдийн дундаж нас 22-25 бөгөөд залуу хүний гэмт хэрэг үйлдэх магадлал нь ахимаг настай хүнийхээс хэд дахин илүү байдаг; 2. Хүйс-эрэгтэй хүний гэмт хэрэг үйлдэх магадлал эмэгтэй хүнийхээс өндөр бөгөөд террорист этгээдүүдийн 80 гаруй хувийг эрэгтэйчүүд эзэлдэг; 3. Гэрлэлтийн байдал-дийлэнх нь гэрлээгүй; 4. Хот ба хөдөө-дийлэнх нь хотод төрж өссөн эсвэл удаан хугацаанд оршин суусан; 5. Нийгэм, эдийн засгийн байдал-гишүүд болон удирдагчид нь ихэвчлэн дунд болон дээд ангиллынхан; 6. Боловсрол-гуравны хоёр нь тодорхой хэмжээнд их сургуульд сурч боловсорсон; 7. Улс төрийн үзэл баримтлал-Анархист, Марксист-Ленинист, үндсэрхэг үзэл...” тус тус болно гэжээ. Дээрх үзүүлэлтүүдээс террорист, террорист бүлгийн гишүүн болох магадлал, элемент, эмзэг байдал, сэдэл зэрэг ойлголтуудыг харж болох бөгөөд “...ямар ч хамаагүй аргаар олны анхаарлыг татах зорилгоор хэт аюултай ажиллагааг олон нийтийн эсрэг явуулах...” гэсэн сэтгэцийн байдалтай нийцэж байна. Мөн тус профайлер-эрдэмтэд “...террорист бүлэгт гишүүн элсүүлэх хамгийн тохиромжтой газрыг томоохон их сургуулиуд...” хэмээн дүгнэсэн нь мэдээллийн хяналтгүй өнөөгийн үед залуу үеийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд онцгой анхаарах шаардлагатайн илэрхийлэл гэж дүгнэхэд хүргэж байна. Үндэсний болон хилийн аюулгүй байдлыг хангахын тулд хяналтын, хайлтын, адилтгал, ижилсүүлэлтийн, зайн тандалтын, цахим, оюуны багтаамжит, хиймэл оюун ухаантай гээд л орон төрлийн техник, технологи ашиглаж, эрэл хайгуул, эрэн сурвалжлах-оператив, гүйцэтгэх ажлын сонгодог болон уламжлалт олон аргуудыг ашиглаж байгаач, хууль бус үйлдлийн сэдэл тээгчийн “нуугдмал мэдээлэл”-ийг олзворлох, унших, танин мэдэх орчин үеийн сэтгэл зүйн аргын нэг болох профайлинг аргыг хэрэглэх, нэвтрүүлэх нь зүйтэй байна. Мэргэжилтнүүдийн судалгаа-гаар профайлинг л аюул тээгч субьектийн бодит мэдээллийг олж авах боломжийг олгодог хамгийн сайн арга бөгөөд үүнийг ШНА-нд оновчтой, үр дүнтэй ашигласнаар болзошгүй аюулын эсрэг сөрөг тусгай ажиллагааг цаг алдалгүй авах боломжийг олгох юм. ХХБ-ын ШНА-ны албан хаагчид профайлинг ашиглах, хэрэглэх нь түүний гүйцэтгэх үндсэн үүрэгт нь туссан байдаг шүү, бид л анзаардаггүй болохоос. Шалгагч бүр хил зөрчигчдийн хууль бус үйлдэл, оролдлого, санаархлыг үйлдэл, үйл ажиллагаанд нь хяналт тавих замаар, мөн төрөл бүрийн заль мэх, хуурмаглал ашиглах оролдлогийг илрүүлэх, таслан зогсоох, мөн мэддэг байх үүрэгтэй гэж дүрэм, журамд заасан байдаг. Профайлингийг эзэмшээгүйн сул талын талаарх жишээг дурдья: Терроризмийн эсрэг Монголын холбооны тэргүүн Ч.Баатар 2002 онд тавьсан илтгэлдээ: “2002 оны эхний 6 сарын байдлаар өмнөд хөршөөс 300 гаруй иргэн хуурамч паспорт ашиглан манай улсын урд, хойд хилийг төвөггүй давж, ОХУ-ын хил болоод тагнуулын албадуудад шалгагдаж илэрсэн байна. Мөн сахал үсэндээ баригдсан, гар, нүүрэндээ шарх сорвитой, баруун гарын долоовор хуруу нь эвэршсэн 7 этгээд Энэтхэгээс ОХУ руу явж байгаад саатуулагдсан агаад эдгээр нь Чечень орж байлдах хөлсний цэргүүд байсан” гэж дурьдсан нь өнгөрсөн ч гэсэн үнэт сургамж болж үлдэх юм. Дараах санал, дүгнэлтийг дэвшүүлж байна: - Профайлинг нь ШНБ дээр аюул тээгч этгээдийг илрүүлэн, хувь хүний, нийгмийн, төрийн, хилийн аюулгүй байдлыг хангах аргуудын нэг мөн. - Профайлинг нь аюулгүй байдлыг хангах бүх салбар, хүрээнд ашиглаж болох хамгийн хямд төсөр хирнээ хамгийн үр дүнтэй арга юм. - Профайлинг нь шалгагчид цагийн байдлын янз бүрийн нөхцөлд, цаг хугацаа хязгаарлагдмал, төрөл бүрийн хангалт, нөөцийн хомс байдалд, хэрэгтэй хүнээ зөв танин “унших”, аюулыг зайлуулах боломжийг олгодог. Профайлинг нь хүрээлэн байгаа орчиндоо, алба-байлдааны үүрэг биелүүлэх үед үүссэн цагийн байдалдаа үйл ажиллагаагаа үнэлэх, хүмүүсийн биеэ авч яваа байдал, сэжигтэй үйлдэл, зүйлийг онцлог, онцгой шинж тэмдгүүдээр илрүүлэх, тэдгээрийн хоорондын учир шалтгааныг танин мэдэх, үүссэн цагийн байдалд стандарт бус шийдвэр гаргах чадвартай байхыг шаарддаг. Хил залгаа болон гадаадын бусад орнуудад ШНБ дээр “Профайлинг”, “Полиграф” аргуудыг олон жил үр дүнтэй ашиглаж ирсэн нь энэ аргуудын практик ач холбогдлыг өндөрт өргөж байгаа болно. Монгол Улсын үндэсний болон хилийн аюулгүй байдлыг хангахад профайлинг аргыг эзэмшсэн шалгагчдыг бэлтгэх, сургалтын тусгай хөтөлбөр бий болгон мөн сурах бичиг, гарын авлага боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Өөрийн онцлогтой “Шалган нэвтрүүлэх албаны /гаалийн/ профайлинг”-тай болох нь нэн тэргүүний зорилт болж байна. Шалгагч нь бичиг баримт шалгадаг, цохиур хэв дардаг нэгэн биш сэтгэл зүйч-угсаатан судлаач-магадлан шинжээч-олон улс судлаач-хил болон хэл судлаач-профайлер байх зэрэг олон мэргэшил эзэмшсэн “супер мэргэжилтэн” байх шаардлага тавигдаж байна. Мэргэшсэн шалгагчийг, мэргэжилтэн хүнийг юу ч орлохгүй гэдэгтэй санал нэгдсэн байх аа. Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, ДХИС-ийн “Хүндэт профессор” Ц.Ганболд