logo-logo-
logo-
logo-logo-

​БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.АМГАЛАНБАЯР: ХҮН ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙГ ӨӨРӨӨ Л БҮТЭЭДЭГ

Огноо: 2026-03-19, Нийтэлсэн:

​БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.АМГАЛАНБАЯР: ХҮН ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙГ ӨӨРӨӨ Л БҮТЭЭДЭГ

​БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.АМГАЛАНБАЯР: ХҮН ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙГ ӨӨРӨӨ Л БҮТЭЭДЭГ

“Эрдмийн далай” сонин “Генералууд” буландаа Монгол Улсын Гавьяат Хуульч, Хууль зүйн ухааны Доктор, Профессор, Бригадын Генерал. Ц.Амгаланбаярыг онцоллоо. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын даргаар ажиллаж байхдаа 2016 онд Монгол улсынхаа 177 дахь генерал цолтон болж байсан түүхтэй юм. ОХУ-ын Дотоод явдлын яамны Мөрдөнгийн Дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи тус тус төгсөж, тухайн үеийн УЦСЕГ-ын Мөрдөн байцаах газрын Чухал хэргийн хэлтэст ахлах мөрдөн байцаагчар ажиллаж байгаад 1988 онд Цагдаагийн Академийн ахлах багшаар томилогдон ажиллаж байсан талаар намтарт нь бичжээ. 1994 оноос ЦЕГ-ын Тамгын газрын ахлах байцаагч, ЦЕГ-ын Тамгын газрын дарга, Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад 2006-2007 он Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байсан тухайгаа бидэн ярьж өгсөн юм. Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад хариуцлагатай ажил албуудыг нэр төртэй хашиж, 2020-2023 он Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн удирдахуйн ухааны профессорын багт профессор, 2023 оноос Дотоод хэргийн их сургуулийн Удирдахуйн ухааны судалгааны багийн тэргүүлэх профессороор ажиллаж байгаа эрдмийн хамт олныхоо эрхэм хүндэтгэлийг хүлээсэн генералуудын нэг юм. Дотоод хэргийн их сургуулийнхаа түүхт 90 жилийн ой, Монгол Улсад Цэргийн дээд цол болох “ГЕНЕРАЛ” цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойн босгон дээр бригадын генерал Ц.Амгаланбаяртай ярилцснаа та бүхэнд хүргэе. -Таны амрыг эрье. Юуны өмнө танд Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Монгол Улсад Цэргийн дээд цол болох “ГЕНЕРАЛ” цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дотоод хэргийн их сургуультайгаа ажил амьдралаа холбосон түүхээр тань яриагаа эхлэе. -Амрыг эрье. Би төрөлх сургуулийнхаа алтан босгоор албан ёсоор 4 удаа орж ирсэндээ бахархаж, баярлаж явдаг. Хамгийн анх сонсогч, дараа нь багш, хожим захирал, одоо Удирдлагын академийнхаа тэргүүлэх профессороор томилогдон ажиллаж байгаадаа сэтгэл дүүрэн байж, өөрийгөө ховор хувь заяатай хүн юмаа гэж боддог. Учир нь 1977 онд 10 дугаар ангиа төгсөөд арван долоон настай байхдаа Хилийн цэргийн 0195-дугаар ангид цэрэгт татагдаж ирсэн юм. Нэг жил цэргийн алба хааж, төрөлх сургуулиа Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа “Цэргийн тусгай дунд сургууль” нэртэй байхад нь элсэн орж, нэг жил бэлтгэлд суусан. Дараа нь ОХУ-ын Дотоод явдлын яамны сургуульд суралцаж төгсөөд, тухайн үеийн НАХЯ-ын сайд, хурандаа генерал С.Лувсангомбын тушаалаар дэслэгч цолоор шагнагдаж, Улсын мөрдөн байцаах газрын чухал хэргийн хэлтэст, ахлах мөрдөн байцаагчаар ажилласандаа их бэлэгшээдэг. Ингээд би байлдагчаас өнөөдрийг хүртэл дүрэмт хувцастай ажиллаж, амьдарч байна. Гэхдээ миний амьдрал бусдын нэгэн адил дандаа ололт амжилт байгаагүй. Саад бэрхшээлүүдийг даван туулахад энэ сургуулиасаа сурсан эрдэм, хамт олны минь дэмжлэг намайг өдий зэрэгтэй ажиллаж амьдрахад их үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Монгол төрийн цэргийн дээд цол бригадын генерал болж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртсэн гээд энэ бүхний эхлэл, бүх боломжийг олгосон төрөлх сургуульдаа талархаад баршгүй юм. - Анх сонсогч 1977 онд сонсогч мөрдэстэй байсан үеэ манай уншигчдад хуучилна уу? -Тэр үеийн нийгмийг өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй. Манай сургуулийн хойд талд хилийн цэргийн хангалтын анги, хилийн цэргийн авто батальон гэж байсан юм. Намайг суралцаж байхад НАХЯ-ны харьяа Цэргийн тусгай дунд сургууль нэртэй байлаа. Авто батальоны хашаан дотор дан байшинд сонсогчийн байр, хичээлийн танхим, хоолны газар байдаг байлаа. Цэрэгт татагдаж ирээд, шалгалт өгч тэнцэн, сургуулийнхаа бэлтгэх курсыг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдалын яамны дээд сургуульд явах боломж бүрдсэн. Харин Зөвлөлтөд сургуулиа төгсөөд Улсын мөрдөн байцаах газрын Чухал хэргийн хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Тэгээд 1988 оны 10 сард тэр үеийн Улсын цагдан сэргийлэхийн ерөнхий газрын дарга, хошууч генерал С.Бүдрагчаа генералын өрөөнд дуудагдав. Манай Мөрдөн байцаах газрын дарга хурандаа А.Давааням өрөөнд нь сууж байлаа. С.Бүдрагчаа генерал, -За чамайг НАХЯ-ын харьяа Цэргийн дээд сургуульд багшаар томилохоор шийдлээ.Мэргэжлийн сургуулийг нь төгсөөд, практик дээр тав зургаан жил сайн ажиллалаа. Одоо манай Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт мэргэжлийн боловсон хүчин маш их дутагдалтай байна. Тиймээс энэ ажилд зүтгэнэ, өнөөдөр тушаал чинь гарна, маргааш сургууль дээрээ очоорой гэж хэлсэн юм. Ингэж 1988 онд сургуулийнхаа Хуулийн тусгай тэнхимд “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн” багшаар томилогдон, сургуульд ажиллах анхны гараагаа эхлүүлж байлаа. Энэ үед Манай тэнхимд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Мөрдөнгийн дээд сургуулийг надтай хамт төгссөн Ч.Даваа багшилж байсан. Хичээлийн хөтөлбөр программаа шинэчлэх, үйлдвэрлэлийн дадлага хийх, сонсогчдоо 4 дүгээр курсэд нь бүтэн жилээр дадлагад гаргадаг болгох гэх мэтчилэн сургалт, практиктай холбосон сургалтын үйл ажиллагаануудыг санаачилж, хөтөлбөрөө боловсруулж тэрийгээ ажил хэрэг болгож байлаа. Тэр үед Хуулийн факультетын даргаар Н.Баатаржав хуулийн тусгай тэнхмийн эрхлэгчээр Р.Ёндондэмбэрэл, гүйцэтгэх ажиллагааны багшаар хурандаа Д.Тархаашин, захиргааны эрх зүйн багшаар Ж.Долгорсүрэн, эрүүгийн эрх зүйн багшаар С.Жанцан криминалистикийн багшаар Б.Ганчулуун, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн багшаар надтай хамт төгссөн Ч.Даваа, лаборантаар Д.Нямдаваа гэсэн Монголын эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйн шинжлэх ухааны сор болсон багш нар угтаж билээ. Одоо байгаа Хилийн цэргийн сургуулийн байрны 3-5 давхарт нь Хуулийн факультет, манай Хуулийн тусгай тэнхим 4-н давхарт нь 1,2 дугаар давхарт нь сонсогчдын байр байдаг байв. Тэр үеийн байр маань одоогийнхтой харьцуулшгүй. Анги танхим маань өвөлдөө маш хүйтэн уурын зуухаар халда, хэчнээн ч галласан ч дулаацдаггүй, ёстой залуу насны гал дөлөөр сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг байсан даа. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хичээлийг ерөнхий ангийн 2 дугаар курст, тусгай ангийг 3-р курст үйлдвэрлэлийн дадлагыг 4-р курст удирддаг байв. Миний багш болсон энэ мөчид манай сургууль дээд боловсролын үе рүү шилжиж байлаа. Тийм учраас хичээлийн бүх сургалтын хөтөлбөрийг дээд боловсролын сургалтын системд шилжүүлж, бүгдийг шинээр боловсруулах нөр их ажлыг хийж, ард нь гарч байсан юм. Мөн хичээлийн конспект, үзүүлэнгүүдийг бүгдийг шинээр боловсруулсан. Тэр үед компьютер нөүтбүүк гэх мэт цахим хэрэгслүүд байсангүй. энэ бүгдийг гараар бичиж,зурдаг байлаа шүү дээ.Тэгээд хичээлийн конспект, үзүүлэнгээ тогтмол шинэчлэн, хичээл орохын өмнө тэнхимийн эрхлэгчээрээ заавал батлуулдаг байлаа. Ер нь тэр үед багш нар биднийг ямар ч засвар зайгүй, завгүй ажиллуулдаг байжээ. Өглөө бүр сургууль нэгдэж, захирал үүрэг тавьж дараа нь хөл тавина. Харин үдээс хойш хичээл тараад сонсогчдод давтлага өгөх, факультетын хурал, нам, эвлэлийн үүрийн хурал, семинар, урлагийн болон спортын уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, парадын бэлтгэл хийнэ. Мөн багш болгон сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, гарын авлага, сурах бичиг бичих гээд завсаргүй хөдөлмөрлөдөг байсан юм. Ингэснээр бид ачаалал дааж сурч, энэ их ажлын хажуугаар эрдмийн ажлаа хийнэ. Залуу багш бидэнд С.Жанцан, Ж.Долгорсүрэн багш нар минь жинхэнэ үлгэр дуурайлал болж байлаа шүү дээ. Бид нарыг багш байхад тэд нар маань шинжлэх ухааны доктор болж байсан юм. Анх багшийн ажилд томилогдоход хэлж байсан С.Бүдрагчаа генерал, А.Давааням хурандаа нарынхаа захиасыг биелүүлж багш болсноороо их бахархдаг. Шавь нарын ажил, амьдрал тэгш сайхан явах нь багш хүний хамгийн том аз жаргал нь байдаг. Одоо шавь нар маань тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад амжилттай ажиллаж байгаад маш их баярладаг. Олон шавь нар маань өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Тагнуул, Авилгатай тэмцэх газар, Цагдаа, Хилийн цэрэг, Шүүх гээд бүхий л байгууллагуудад үүрэг гүйцэтгэж байна. Мөн шавь нар маань одоо Их сургуулиа удирдаад ажиллаж байгааг харахад сайхан байдаг. Ингээд нийт шавь нартаа мөн Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар, сонсогч, суралцагчдадаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, эрдмийн их ажлыг үр бүтээлтэй хийж гүйцэтгэхийг ерөөж байна. -Та сургуулиа Цагдаагийн академ нэртэй байхад захирлаар ажиллаж байсан хүмүүсийн нэг. Энэ тухайгаа дурсана уу? -Тийм тийм. Би Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад 2006-2007 онд Цагдаагийн академи нэртэй байхад нь захирлаар томилогдон ажилласан. Манай цагдаагийн байгууллагын домог болсон удирдах ажилтнуудын нэг М.Батаев хурандаагаасаа захирлын ажлыг хүлээж авч байлаа. М.Батаев хурандаа маань тэр үед сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх тал дээр бол нэлээн дорвитой ажлуудыг хийчихсэн, сургууль маань нэлээн тогтож төлөвшсөн байсан. Миний хувьд жил гаруйхан ажиллаад Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилогдсон юм. Энэ жил гаруй хугацаанд хуучирсан биеийн тамирын заалныхаа шалыг хуулаад 10-ийн банзыг босоогоор нь өрж, дээврийг нь шинэчилж, байрны анги танхимуудыг засаж янзлах ариун цэврийн өрөөг нь тохижуулах зэрэг аж ахуйн ажлуудыг нэлээд хийсэн. Мөн манай сургуулийн бүтцийг Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нийцүүлэн батлуулж, эрүүгийн эрх зүй, сэтгэл судлал, мэдээлэл технологийн тэнхимүүдийг шинээр байгуулж, “Цагдаагийн ажил” болон “Эрх зүй-цагдаагийн ажил” мэргэжлийн сургалтын стандарт төлөвлөгөө, мэргэжлийн тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулсан юм. Цагдаагийн академийн үйл ажиллагааг зохицуулах, эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулахад анхаарч “Цагдаагийн академид эчнээгээр суралцагсдын бие даасан ажлыг хүлээн авч тооцох журам”, “Цагдаагийн академийн докторант нарын судалгааны семинар зохион байгуулах журам”, “Багшийг аттестатчилах журам”, “Сонсогчдын нэрийн дансны мөнгийг хуримтлуулан төвлөрүүлэх, түүнээс зарцуулах болон буцаан олгох, тэдгээрт хяналт тавих журам”, “Хянан магадлах зөвлөлийн дүрэм”, сахилга дэг журам, цэрэгжилч жагсаалч байдлыг сайжруулах болон ажил төлөвлөлтийн байдлыг сайжруулах “Профессор багшийн ажлыг кредитээр үнэлж дүгнэх журам”-ыг боловсруулан мөрдүүлж ажилласан даа. Ингээд яривал их зүйл бий. Эргэн дурсахад сайхан байна. -Та эрдмийн зэрэг цолтой цөөхөн генералуудын нэг. Таны судалгааны ажил ямар сэдэвтэй байсан бэ? -Би “Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүүхдийн талаар төрөөс баримтлах эрүүгийн эрх зүйн бодлого” гэсэн сэдвээр ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид докторын зэрэг хамгаалсан. Мөрдөн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа насанд хүрээгүй хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, тэдэнд оногдуулж байгаа ял шийтгэл, шүүхээс баримтлаж байгаа ялын бодлогын талаар судлаж сонирхох нь зүйтэй юм байна гэсэн бодлыг тээж явсан. Ингээд сургуульд багшилж байхдаа судалгааны ажил болгон, 2004 онд Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа докторын зэрэг хамгаалсан юм. Төрөлх сургуульдаа өөрийн дэг сургуулийг үлдээсэн С.Жанцан багш, Ж.Долгорсүрэн багш, надтай хамт ажиллаж байсан Ч.Даваа багш нарын минь эрдэм мэдлэг, дэмжлэг их тус болсон доо. -Та одоо Их сургуулийнхаа Удирдлагын академийн Тэргүүлэх профессороор ажиллаж байна. Их сургуулийнхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр бүх шатанд ажиллаж байсан, багш, удирдагч хүний хувьд бидэнд хэлэх таны хамгийн чухал үг юу вэ? -Хүн өөрийнхөө ирээдүйг өөрөө л бүтээдэг. Тийм учраас хүн ажилдаа сайн байж амжилт гаргана гэдэг олон талын хүчин зүйлээс хамааралтай. Нэгдүгээрт сайн ар тал, гэр бүл байх ёстой. Хоёрдугаарт сайн хамт олон байх ёстой. Ийм хоёр зүйлийн нөлөөгөөр хүн амжилтанд хүрч болохыг өөрийн ажил амьдралын туршлагаар мэдэрч байна. Учир нь надад дандаа сайхан хамт олон, сайн удирдлага байсан. Хазайсан үед түшээд авчихдаг, хэлж ярьж туслаад дэмжээд өгдөг, хамт олонтой байсан учраас өдий зэрэгтэй болсон гэж боддог. Монгол Улсад Цэргийн дээд цол генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ойг тохиолдуулаад та бүхнийхээ тус дэмээр би амжилт гаргаж, энэ цолыг хүртсэн гэдгийг цаг ямагт санаж явдаг аа хэлье. -Монгол Улсын гавьяат хуульч гэсэн тэр эрхэм хүндтэй цолыг хүртэхэд тань эрдмийн хамт олон маань ёслолын жагсаалтай хүлээж авсан тэр мөч танд юу бодогдож байсан бэ? -Би 1977 оноос өнөөдрийг хүртэл хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагад л ажилласан. Мэдлэг чадвараа дайчлан, чадах мэдэх бүхнээ эрдэм номын мөр хөөж байгаа залуустаа хэлж өгсөн юм. Энэ хичээл зүтгэлийг маань Монгол төрөөс минь өндрөөр үнэлж энэхүү шагналыг өгсөн. Би Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олондоо дахин дахин баярласнаа илэрхийлье. -Та нэгэн ярилцлагадаа “Монгол Улсад Үндэсний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий Батлан хамгаалах, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллага, Цагдаа, Шүүхийн шийдвэр гээд нийт таван агентлагт ажиллаж байсан. Үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага гэсэн гурван байгууллагад нь удирдах ажил, ерөнхий газрын даргаар ажиллаж байсан ховор хувь заяа тохиосонд их бэлэгшээж, бахархаж явдаг” гэж хэлсэн байсан. Та удирдлагын манлайллын талаар ямар бодолтой явдаг вэ? -Удирдлагын манлайлал гэдэг бол том ойлголт. Нэгдүгээрт удирдах ажилтан хүн бүх талаар өөрийнхөө удирдлаганд байгаа албан хаагчдадаа үлгэрлэх ёстой. Өөрийнхөө эрдэм боловсрол, ур чадвар, биеэ авч явж байгаа байдал, зан харьцаа, ёс суртахуун гээд бүх талаар үлгэрлэх ёстой. Ингэж үлгэрлэж байж, манлайлагч болж чадна. Өөрөө архи ууж, халаасандаа гараа хийж, энгэрээ задгайлаад, амандаа тамхи зуугаад албан хаагчийнхаа өрөө тасалгаагаар орж гарах юмуу, өрөөндөө тэгээд сууж байвал буруугийн үлгэрлэл манлайлал болоод явчихна. Хоёрдугаарт нь аливаа зүйлд, ажилдаа, хамт олондоо, албан хаагчдадаа, амьдралдаа хандах манлайлаж явах ёстой. Хэрэв чи өөрөө ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй өдөр хоног өнгөрөөсөн, хүний нүд хуурсан, ээлж өнгөрөөсөн байдлаар хандах юм бол тэнд манлайлал үгүй. Тиймээс энэ хоёр зүйлээр би хамт олноо, албан хаагчдадаа үлгэрлэж, хандлагаараа манлайлахыг оролдож хичээж ирсэн дээ. -Аливаа Их сургуулийн нэн тэргүүний ажил бол эрдэм шинжилгээ судалгааны ажил гэж хэлдэг. Энэ талаар таны бодол? -Сүүлийн үед манай хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагуудын удирдах ажилтнууд маш их залуужсан. Тиймээс албан тушаалд томилогдож байгаа бол үлгэрлэж, хандлагаараа хамт олноо манлайлж байх ёстой. Нэгдүгээрт хүний багаасаа гэр бүл, сургуулиас олсон хүмүүжил их нөлөөлнө. Нөгөө талдаа нэгэнт чи удирдах албан хаагч бол өөрийгөө боловсруулж хөгжүүлэх ёстой. Хоёрдугаарт нь манай Дотоод хэргийн их сургууль ирээдүйн хууль сахиулах байгууллагын болон төрийн цэргийн байгууллагын удирдлагыг өндөр боловсролтой ёс суртахуунтай, өнөөгийн жишигт нийцсэн удирдах ажилтанг бэлдэж гаргаж өгөх ёстой. Тэр үүргийг эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын байгууллага болсон манай Их сургууль тэр дундаа манай Удирдлагын академ бол хэрэгжүүлэх ёстой. Тиймээс манай Удирдлагын академийн удирдахуйн ухааны багийн хамгийн гол үүрэг бол нэгдүгээрт удирдах ажилтанг бэлтгэх, хоёрдугаарт нь бэлдсэн буюу одоо ажиллаж байгаа удирдах ажилтнуудыг эрдэмжүүлэх юм. Энэ үүрэг чиглэлээ сайн хэрэгжүүлж биелүүлж ажиллаж байгаа. -Их сургуулийнхаа ирээдүйн хөгжлийн талаар та ямар бодолтой вэ? -Өнөөгийн залуус маань маш сайхан нөхцөлд сурч байна. Бид сурч байх үедээ өвөл ангидаа шинелтэйгээ хичээллэдэг байсан. Үзэг бал царцаад гарахгүй болохоор нь амандаа үлээж гэсгээгээд лекцээ тэмдэглэдэг үеийн сонсогчид. Ингээд одоогийн зарим сонсогчид үнэмшихгүй байж мэднэ. Өнөөдрийг бүтээхийн төлөө үе үеийнхэн даван туулж гарсан. Өнөөдрийн залуучууд үе үеийнхний бүтээж өгсөн энэ сайхан боломжийг цаашид зөв авч яваад мэдлэг боловсролоо сайтар эзэмших юм бол манай Монгол Улс улам сайхан хөгжинө гэж боддог доо. -Баярлалаа. Сурвалжилсан цагдаагийн хошууч Б.Төгсжаргал

2026-03-19 өдөр