logo-logo-
logo-
logo-logo-

Нэг албаны хоёр амьдай

Огноо: 2026-03-19, Нийтэлсэн:

Нэг албаны хоёр амьдай

Нэг албаны хоёр амьдай

“Эрдмийн далай” сонин “Нэр нэгтийн чих нэг” буландаа ДХИС-ийн Баттөрүүдийг урьж ярилцлаа. Үндэсний статистикийн мэдээллийн санд бүртгэгдсэнээр Монгол Улсад Баттөр нэртэй 2344 хүн байдаг ажээ. Тэдгээрээс манай хамт олны дунд Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Үнэлгээ, арга зүйн төвийн эрхлэгч, боловсрол судлалын магистр, цагдаагийн ахмад Д.Баттөр, тус газрын Цахим, зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр нар ажиллаж байна. -Та өөрийгөө товч танилцуулна уу. Цагдаагийн ахмад Д.Баттөр: Намайг Далайгийн Баттөр гэдэг. Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумд айлын отгон хүү болон мэндэлсэн. Нийгэм судлал-эрх зүйн багш мэргэжилтэй, боловсрол судлалын магистрын зэрэгтэй. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Боловсролын салбарт 17 жил ажиллаж байгаа бөгөөд ДХИС-д 2015 оноос хойш буюу 9 дэх жилдээ ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, захирал, дээд сургуулийн сургалтын менежер, 2015 оноос ДХИС-д сургалтын арга зүйч, сургалтын төлөвлөлт, мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн, төвийн эрхлэгч зэрэг албан тушаалд ажиллаж байна. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Намайг Эрдэнэбатын Баттөр гэдэг. Улаанбаатар хотод айлын отгон хүү болон төрсөн. Бага насаа Төв аймгийн Баянчандмань сумд өнгөрүүлж, оюутан болоод улсынхаа нийслэлд ирж байлаа. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. ДХИС-д 2014 оноос 10 дахь жилдээ, Боловсролын салбарт 12 жил ажиллаж байна. -ДХИС-тай ажил, амьдралаа холбосон түүхээр ярилцлагаа эхэлье. Цагдаагийн ахмад Д.Баттөр: Миний ажил амьдралын гараа ерөнхий боловсролын сургуулийн багшаар эхэлж боловсролын салбарын бараг түвшин бүрд амжилттай ажилласан байдаг. 2015 оноос Хууль сахиулахын их сургуулийн Төгсөлтийн дараах сургуульд сургалтын арга зүйчийн орон тоон дээр мэргэжлийн болон ур чадвар, ярилцлага, эрүүл мэнд, бие бялдрын шалгалтуудыг өгч, Захирлын зөвлөлийн хурлаар орон тэнцэж, босго өндөртэй энэ том байгууллагатай ажил, амьдралаа холбон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Анх Дотоод хэргийн их сургуулийн босгыг даван орж ирж байхад түүхт сургуулийн 80 жилийн ойн тохиож байлаа. 2014 оны зун ДХИС-ээс гавьяаныхаа амралтад суусан багш Баянчандмань суманд газар тариалан эрхлэхээр ирж ээж, аавтай маань танилцсан юм билээ. Тухайн үед ДХИС-д мэдээлэл технологийн албанд программист хайж байгаа тухай ярьсныг ээж минь надад хэлснээр би Мэдээлэл технологийн албаны дарга дэд хурандаа Энхтайвантай уулзсан юм. Үндсэн мэргэжил таарахгүй байсан тул Олон нийттэй харилцах албаны дэд хурандаа Энхболд даргад санал болгосноор тодорхойгүй туршилтын хугацаатай ажиллах болсон. Студийн найруулагч дэслэгч П.Энхтайван, графикч дэслэгч Б.Гандөл нартай хамтран сууж, тэр үеэс мультимеди хичээл, цахим хичээл боловсруулах ажилдаа ханцуй шамлан орж байлаа. Анх ДХИС-д гал тогооны бэлтгэгч орон тоон дээр томилогдож, Ахлагчийн сургуульд дадлагажигч багш, багш, СБТГ-т цахим, зайн сургалт хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн, цахим, зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. -Таны нэрийг хэн өгсөн бэ. Яагаад энэ нэрийг сонгож өгсөн гэдэг вэ? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Аав маань өгсөн гэдэг. Миний төрсөн ахыг Мөнхтөр гэдэг. Тэр үеийн хүмүүсийн хөвгүүддээ ижил утгатай нэр өгдөг жишгийг дагаад өгсөн байх. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Хоёр ахын маань нэрэнд “баяр” орсон байдаг ч минийх яагаад өөрийг гайхдаг байлаа. Төр түвшин бат байг гэж бэлгэшээж номтой хүн өгсөн юм билээ. -Таныг өөрөөр юу гэж дууддаг вэ? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Гэрийнхэн нэрийг маань салгаж дууддаггүй. Арван жилийн найзууд Баагий, их сургуулийн ангийнхан Төр, харин сүүлийн жилүүдэд томоо гэдэг нэртэй болох янзтай л байна. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Уг нь анх гэрийнхэн, найзууд, ангийхан Баагий гэж дууддаг байсан. Их сургуульд анги даасан багш Төрөө гэж дууддаг болоод төгссөн сургуульдаа багшаар үлдэж ажиллах болсноор ажлын холбоотой хүмүүс бүгд Төрөө гэж дуудах болсон. Нэг албанд амьдаатайгаа хамт ажиллах болсноор нэрнийхээ урд “жижиг Төрөө” гэх чимэгтэй болсон байдаг. -Андуурагдаж байсан тохиолдол бий юү. Цагдаагийн ахмад Д.Баттөр: Манай сургуулийнхан ахлах дэслэгч Э.Баттөртэй андуурч утсаар их ярьдаг. Нэг газарт ажилладаг болохоор шууд ажил яриад эхэлнэ. Тэр бүрд нь залруулж хэлдэг ч хааяа миний мэдэж байгаа асуудал байвал Э.Баттөрийн өмнөөс хариулаад явчихдаг даа. Хэн нь ч өгсөн юм бүү мэд, нэг л өдөр том Төр, жижиг Төр гэдэг нэртэй болсон байсан. Ажлынхан андуурахаар нь “Би биш ээ, жижиг Төр” гэхээр та хоёрыг яг ямар шалгуураар том, жижиг гэж дуудаад байгаа юм гээд л инээдэм болдог. Одоохондоо цолоороо жижиг, том гэж ойлголцоод байгаа. Жижгээ маань ахмад цол авахаар хэн нь томоо нь болох юм байгаа юм. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Утасны цаанаас их андуурдаг. “Би жижиг Төрөө байна” гэж хэлэх мөчид утасны цаанаас “Өө” гээд инээх дуу сонсогддог. Хааяа манай сонсогчид, бүр энгийн иргэд жижиг Төрөө гэж сураглаж орж ирэх тохиолдол байдаг юм. Манайхан андуурчихна гээд баталгаатай зааж өгдөг шиг байгаа юм. -Амьдайг чинь магтах, эсвэл шүүмжлэхэд танд ямар нэгэн мэдрэмж төрдөг үү? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Нэр нэгтийн чих нэг гэгчээр магтаал, шүүмжлэлийг хамт л хүлээж авдаг даа. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Тэр магтаалыг 100 хувь гэж бодвол 10 хувь нь надад хэлээд байгаа юм шиг санагддаг. Ер нь ТВ, ФМ радиогоор Баттөр гэсэн нэр сонсогдоход чих тавиад анхааралтай чагначихдаг. -Таны ажил болоод амьдралдаа баримталдаг зарчим юу вэ? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Шударга байх. Бусдын оронд өөрийгөө ямагт тавьж, наанатай цаанатай хандаж ойлголцох л чухал даа. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Хичээнгүй хүнийг амьдрал үргэлж шагнадаг гэж боддог. -Хамт олноосоо үлгэр дуурайл авдаг хүн байдаг уу? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Ажлын тухайд манай Их сургуулийн тэргүүн дэд захирал байна. Дандаа шинийг эрэлхийлдэг. Санал санаачилгыг дэмждэг. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: ДХИС-ийн хамт олонд маань үлгэрлэмээр сайхан эрдэмтэн багш, офицер, ахлагч нар олон бий. Миний хувьд доктор, профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн багшийг их хүндэлж, үлгэр дуурайл авдаг даа. -Танд гүн сэтгэгдэл төрүүлсэн, бусдад санал болгохыг хүссэн ном байдаг уу? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Сонсогч, оюутнууд “Цойлогсод” гэдэг номыг нэг харчих хэрэгтэй. Сахилга бат, дадал зуршил, бага багаар ахиж дэвших гээд анхаарч хэрэгжүүлэх олон санаа байсан. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Дамбын Төрбатын “Тэнгэрийн соёрхол” 12 боть роман юм даа. -Сонсогч, оюутан ахуй цагийн Баттөрд захиж хэлэх зүйл бий юү? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Дэмий өнгөрүүлсэн цаг хугацаа эргэж олдохгүй шүү, хичээгээрэй. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Тэвчээртэй байгаарай. Эрт унтаж бай. -Таны ажил, амьдралаас ойлгосон хамгийн чухал зүйл юу вэ? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Зөв бодолтой байж бусдын итгэлийг алдахгүй явахад ажил төрөл, найз нөхөд аяндаа л цэгцэрдэг юм байна даа. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Аливаа зүйлд шууд итгэхийн оронд судалж үзэж байх хэрэгтэй санагддаг. Судална гэдэг нь өөртөө мэдлэг бүтээх үйл явц. Аль болох залуу байхдаа үүнийг төлөвшүүлэх хэрэгтэй. -Таны амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр юу байсан бэ? Цагдаагийн ахмад Д.Баттөр: Зөв, буруу шийдвэр гэхээс илүү цаг хугацааны л асуудал байх. Эргээд харахад 2002 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн хуваарийг сонгосон маань зөв шийдвэр байж гэж боддог. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Баттөр: Боловсролын байгууллагад ажиллах шийдвэр гаргасан минь хамгийн зөв санагддаг.

2026-03-19 өдөр